Монголбанк

Буцах

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл

Монгол Улсын “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд “Монголбанк Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг байгуулна” гэж заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулсан.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийг байгуулан, төлбөрийн системийн оролцогчдыг хамруулан ажиллаж байсан.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл нь үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааны болон техник стандартыг тогтоох, мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны клиринг, төлбөр тооцоо, төлбөрийн үйлчилгээнд нөлөөлж болзошгүй бусад асуудлыг зохицуулах, хянах талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хараат бус зөвлөл юм.

Зөвлөлийн үндсэн зорилт нь Монгол Улсын төлбөрийн системийг боловсронгуй болгож, хөгжүүлэх, улмаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд системийн оролцогчдын хамтын ажиллагааг бий болгон, өргөжүүлэх замаар санхүүгийн системийн тогтвортой байдлыг дэмжих, хэрэглэгчийн эрх ашиг, сонирхол, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгтгэх, үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратегийг тодорхойлоход оршино.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанк, санхүүгийн байгууллагыг хянан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болон үндэсний төлбөрийн системийн оролцогчийн төлөөлөл тус тус багтдаг.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн хурал байх бөгөөд ээлжит хурлыг жил бүр зарлан хуралдуулна. Тус хуралд төлбөрийн системд тулгамдаж буй асуудал, түүний эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд боловсруулагдсан бодлого, журам, дүрэм, удирдамж, зөвлөмж, мөн төлбөрийн системийн хөгжил, цаашдын чиг хандлага, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө гэх мэт асуудлыг хэлэлцүүлдэг.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн гишүүд:

  • Монголбанк;
  • Банкууд;
  • Сангийн яамны Төрийн сангийн газар;
  • Санхүүгийн зохицуулах хороо;
  • Харилцаа холбооны зохицуулах хороо;
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар;
  • Хөрөнгийн бирж;
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв;
  • Арилжааны төлбөр тооцоо ХХК;
  • Монголын банкны холбоо;
  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо;
  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо;
  • Төлбөрийн системийн бусад оролцогч, операторын төлөөлөл.

Зураг 1. Түүхэн хөгжил

Зураг 2. Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн бүрэлдэхүүн

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.