Монголбанк

Активын чанарын үнэлгээ

  • Нүүр
  • Активын чанарын үнэлгээ

Буцах

Активын чанарын үнэлгээ

Активын чанарын үнэлгээний хүрээнд хийгдэх ажлууд.

Активын чанарын үнэлгээний ажлын хүрээнд хийгдэх арван ажил /блок/ нь хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд өмнөх ажил бүрэн дууссанаар дараагийн үе шат эхлэх зарчимтай. Ажлын эхний гурван блок болох бодлого, журмын үнэлгээ, зээлийн жагсаалт баталгаажуулах, түүвэр хийх ажлууд бүрэн дууссаны дараагаар зээлийн хувийн хэргийн шалгалт, барьцаа болон 3 дугаар түвшний активын хөрөнгийн үнэлгээ хийгдэх бөгөөд үргэлжлүүлэн шалгалтын үр дүнг тархаах, бүлгийн үнэлгээний ажил хийгдэх юм.

Тус үнэлгээний ажлын хамгийн сүүлийн хэсэг нь активын чанарын үнэлгээний үр дүнгээр өөрийн хөрөнгийн тохируулгыг хийж “Өөрийн хөрөнгийн хүрэлцээ”-г тооцох юм.

Активын чанарын үнэлгээг схемээр харуулбал:

1. Бичиг баримт, бүртгэлийн бодлогын хяналт, Зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо

Тус ажлын хүрээнд банк тусгайлан гаргасан загварын асуулгуудад хариулах ба аудитын баг асуулгад хариулсан байдлыг үнэлэх юм. Энэ бичиг баримтын шалгалтаар банкны зээлийн үл ажиллагааны бодлого, журам, нягтлан бодох бүртгэлийн бодлого, журмууд нь Монгол Улсын хууль, Монголбанкнаас гаргасан холбогдох бодлого, дүрэм, журам, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарттай нийцтэй байгаа эсэхийг тодорхойлно. Энэ ажлын үр дүнд аудитын компани дээрх бодлого, журамд илэрсэн дутагдлуудыг хэрхэн засч залруулах талаар зөвлөмж өгнө.

2. Зээлийн мэдээлэл баталгаажуулах

Мэдээлэл баталгаажуулах ажлын хүрээнд банкууд зээлийн мэдээллийг тусгайлан бэлдсэн загварын дагуу аудитын компанид гаргаж өгнө. Анхан шатны хяналтын хүрээнд банкны зээлийн мэдээлэл нь түүний тайлан, тэнцэлтэй нийцтэй эсэхийг тогтоох ба тус мэдээлэл нь бодитой эсэхийг үнэлэх юм.

3. Түүвэр

Тус ажлын хүрээнд банкнаас гаргаж өгсөн зээлийн мэдээлэлд үндэслэн зорилтот том дүнтэй зээлүүд, хугацаа хэтэрсэн зээлүүд, эх олонлогийг төлөөлөх хэмжээний магадлалт болон санамсаргүй байдлаар шалгах зээлийг сонгох юм.

4. Зээлийн хувийн хэрэг

Зээлийн хувийн хэргийн шалгалтын гол зорилго нь зээлийн ангилал зөв хийгдсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг бодитой байгуулсан эсэхийг илрүүлэхэд оршино. Зээлийн хувийн хэрэг шалгахад банкнаас шаардлагатай баримт бичгүүдийг бэлдүүлэн зээлдэгчийн санхүүгийн байдлыг тогтоож, зээлийн эргэн төлөлтийн байдлыг харгалзан зээлийн чанарын үнэлгээг хийх юм.

5. Барьцаа хөрөнгө

Үнэлгээний олон улсын стандартын дагуу банкуудын барьцаа хөрөнгийн үнэлгээг хийж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байдлыг тогтоох зорилготой юм.

6. Үр дүнг тархаах

Зээлийн хувийн хэрэг шалгах ажлын үр дүнг ижил шинж чанартай зээлийн багцад /эх олонлогт/ нийтэд нь тархаана.

7. Бүлгийн үнэлгээ

Орон сууцны зээл, цалингийн зээл гэх зэрэг бага дүнтэй иргэдийн зээлийн хувьд бүлгийн үнэлгээ хийгдэнэ. Банкуудын бүлэглэсэн актив хөрөнгийн үнэлгээг зохистой байдлаар хийсэн эсэхийг шалгах юм.

8. Гуравдугаар түвшний актив хөрөнгө

Банкуудын материаллаг буюу ач холбогдол бүхий дүнтэй 3 дугаар түвшний активын бодит үнэ цэнийг тодорхойлох ажил хийгдэнэ.

9. Тохируулга

Зээлдэгч банкнаас авсан зээлээ эргэн төлөхөд доголдол үүсэх нөхцөл байдал үүсвэл банк тухайн зээлдэгчийн зээлийг эрсдэлтэй гэж тооцох ба ирээдүйн орлого болон барьцаа хөрөнгөөр эргэн төлөгдөх боломжгүй дүнгээр зээлийн эрсдэлийн санг байгуулдаг. Зээлийн эрсдэлийн санг /эргэн төлөгдөхгүй байж болзошгүй дүнг/ банкны зардлыг нэмэгдүүлэх замаар байгуулдаг тул тохируулгын үр дүнд банкны ашиг болон өөрийн хөрөнгө буурна. Тохируулга хийсний дараа банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй юм.

10. Чанарын хяналт, явцын хяналт

Активын чанарын үнэлгээний ажлын туршид, бүх үе шатуудад чанарын баталгаажуулалт, явцын хяналт хийгдэх бөгөөд гол зорилго нь алдаа дутагдал гаргахгүй цаг хугацаанд нь ажлыг дуусгах зорилготой юм. Чанарын үнэлгээ хийж байгаа багууд эхний шатны хяналтыг удирдамжийн дагуу цаг хугацаанд нь үнэн зөв гүйцэтгэх байдлаар хийх бол төв баг нь багийн гүйцэтгэсэн ажлыг баталгаажуулах зорилгоор бие даасан шалгалтыг явуулах замаар хяналт тавьж хоёр дахь шатны хяналтыг бүрдүүлэх юм. Мөн төв багаас шаардлагатай асуудал бүр дээр төвлөрсөн хяналт шалгалтыг хийж гурав дахь шатны хяналтыг хийх юм.

Схем

Активын чанарын үнэлгээгээр зээлийн хувийн хэрэг, 3 дугаар түвшний активын чанарын үнэлгээг хийж, зээлийн эрсдэлийн санг байгуулах, түүний өөрийн хөрөнгөд нөлөөлөх схемийг дараах байдлаар харууллаа:

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.